Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Монгол Улсын Шадар сайд, байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 оны 08 дугаар тушаал “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах” журам, аргачлалын дагуу аймгийн Засаг даргын 2020 оны А/117 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр өвөлжилт хүндэрсэн Жаргалант, Галт сумдад “Зудын эрсдэлийн тойм судалгааг” холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчидтай хамтран гүйцэтгэж ажиллаа. Тус үйл ажиллагаагаар Жаргалант, Галт сумд нь цагаан зудтай маш их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарч дүн мэдээг аймгийн онцгой комисст танилцууллаа.
Үүссэн цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газар нь байгууллагын нийт албан хаагчдыг хуралдуулан санал бодлоо солилцож төр засгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, төрийн албан хаагчийн ухамсарт чиг хандлагаар өдрөөс өдөрт өсөн дэвжих хөдөө аж ахуйн нэг гол салбар болох мал аж ахуйн салбарын зудын эрсдлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх сайн дурын сэтгэлийн өглөг өргөх санаа сэдлийг гарган хамт олны 100 хувийн дэмжлэгээр нийт албан хаагчид 1 өдрийн цалингаа аймгийн онцгой комисст хандивлалаа.
Түүнчлэн өвөлжилт, хаваржилтийн цаг үеийн байдал хүндэрсэн энэ үед нийт малын хорогдлоор хамгийн их хорогдолтой байгаа Жаргалант сумаас өрнүүлж буй хандивын аянд байгууллагын албан хаагчид сайн дураараа нэгдэн сэтгэлийн өглөг болгон 200000 /хоёр зуу мянган/ төгрөгийн хандив өгч ажиллаа.
Эдгээр сайн дурын хандив, тусламжийн арга хэмжээ нь Төрийн үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулахтай холбогдуулан төрийн албан хаагчдын албан үүрэгтэй хандах хандлага, ухамсар нь Зүтгэлтэй – Итгэлтэй – Санаачилгатай байгаагаа тодорхойлон илэрхийлсэн нэг алхам болно гэдэгт найдаж байна.