Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин зах зээлийг өргөтгөх, харилцан туршлага судлуулах зорилготой зохион байгуулдаг “Хөвсгөл брэнд – 2019, Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ жил 15 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 22 сум 1 тосгоны 246 аж ахуйн нэгж байгууллага, хоршоо, малчдын бүлэг, нөхөрлөл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, төмс хүнсний ногоо, оёдол, гар урлал зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдхүүнээр иргэддээ үйлчлэн ажил үйлчилгээгээ сурталчилж 96,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд аймагт мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрөөс дэмжлэг авч төслийн үр шимийг хүртсэн нөхөрлөл, хоршоо, малчны бүлэг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оролцож төслийн үр дүнг иргэддээ тайлагнасан нь онцлог байлаа. Үзэсгэлэн худалдаанаас “Хөвсгөл Хүнс” ХХК-ийн “Бэлгийн багц” бүтээгдэхүүн аймгийн “Брэнд бүтээгдэхүүн” -ээр шалгарлаа.