Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-145 дугаар тушаалаар батлагдсан “Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасны дагуу тухайн адуунд явуулж ирсэн сонгон үржүүлгийн ажлын үр дүнг ажлын хэсэг хянан магадлах ажлыг хийж тайлан 2019 оны 11-р сарын 19-ний өдрийн ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хуралд танилцуулан, хэлэлцүүлснээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сум, Увс аймгийн Тэс, Зүүнговь, Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдад үржүүлдэг Тэс омгийн адууг “Үүлдэр” –ээр батлалаа.
1982 онд Хөвсгөл аймгийн үржлийн фермийг байгуулснаар Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад Тэс адууны цөм сүргийг үржүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулсан байна.
Тэс омгийн адуу нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд өсөж үрждэг ч амьдын жингийн үзүүлэлтээр бусад үүлдрээс 20-40 кг илүү, сэрвээ, биеийн ташуу уртаар 6-10 см их байна. Тэс омгийн адуу нь арьс зузаантай учир урт уяатай гараанаас гараад 4-5 км явж байж хөлс нь гарч бие нь тавигдаж, газар ахих тусам хурдлах чадвар нь нэмэгддэг, цуцаа багатай нь тэсвэр хатуужилтайг илтгэнэ.
Тэс омгийн адуу нь дотроо “Таван тэс-говь”, “Гандан жас”, “Хотгойд” гэсэн 3 удамтай. Хотгойд удам – Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад үржүүлдэг, сэрвээний өндөр 128 см, нилээд махлаг, уналга, эдэлгээ даах чадвар сайтай, туурай нь цомбон, удам хоорондын солбилцуулах үржүүлгийн арга хэрэглэдэг. Бэлчээр ашиглах, уналга эдэлгээ даах чадвар гойд сайн. Бусад удмаас арьс нь зузаан, үс сахлаг, биеэр бусад удмаас намхан лагс чамбай биетэй адуу юм.
Мөн тус адуунд 2020-2024 онд хэрэгжүүлэх үржил селекцийн ажлын хөтөлбөрийг баталж, биологи, аж ахуйн ашигтай шинж чанарыг удамшуулан, үржлийн цөм сүргийг олшруулах, тархалтын хүрээг өргөтгөх, үржил селекцийн ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.